Нийслэл том оврын 600 автобус авах олон улсын нээлттэй тендер зарласан. Тодруулбал, аравдугаар сарын 24-өөс энэ сарын 24 хүртэл тендерт оролцох аж ахуйн нэгжүүдийн материалыг хүлээн авах юм. Энэ хугацаа баасан гаригт дуусна.
Нийслэлийн Засаг дарга шинэ автобуснуудыг ирэх оны нэгдүгээр сард оруулж ирэхээр төлөвлөж байгаа бөгөөд тус автобуснуудад евро 5 стандартын түлш хэрэглэхээр төсөвт суулгах аж. Шинэ автобуснууд нийтийн тээвэрт явж эхлэхээр иргэн бүрд үнэ төлбөргүй зорчих карт олгох юм байна. Тус картаар иргэдийг зургаан сар зорчуулах аж. Ингэснээр нийтийн тээвэрт сууж байгаа иргэдийн тоог нарийвчлан гаргаж, нийтийн тээврийн компаниудад нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэдийн тоотой уялдуулж татаас олгодог болно гэж тайлбарлав.
2004 онд нийслэлийн иргэдийн 40 гаруй хувь нь нийтийн тээвэрт суудаг байсан бол одоо 24 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг болж буурсан байна. Гэтэл нийтийн тээврийн компаниудад улсаас олгодог татаасын хэмжээ буураагүй. Энэ жил л гэхэд нийтийн тээврийн 16 компанид 268 тэрбум төгрөгийн татаас төсвөөс олгох юм.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар“Хоёр аж ахуйн нэгжтэй автобусаа дулаан грашид байрлуулах хэлэлцээр хийж байна. Хэрвээ энэ амжилттай болбол бүх автобуснуудаа дулаан грашид хийж, өглөө бүхэн цэвэрлэгээ үйлчилгээ хийгээд үйлчилгээнд гаргадаг болно. Мөн автобус дотроо үнэгүй WIFI-тай байна. Түүнчлэн дулаахан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ордог тусгай хаалгатай, гадна өнгө үзэмж ч хамгийн сүүлийн үеийнх байна.
CU, GS25 болон автобусны буудал бүхэн дээр үнэгүй зорчих карт тараана. Зургаан сар иргэд үнэгүй яваад үүний дараагаас нэг сар хэрэглэх 30 мянган төгрөгийн картыг худалдаанд гаргана” гэлээ.
Түүнчлэн , нийтийн тээврийн автобусны жолооч нарын цалин нэмэгдүүлж 3.5 сая болгох юм байна. Дээрх арга хэмжээнүүдийг авснаар хувийн машинаар зорчих иргэдийн тоо багасаж, нийтийн тээвэрт суух иргэдийн тоо нэмэгдэнэ гэж үзэж байгаа бөгөөд нийслэлийн шинэ удирдлагууд нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоог 40 хувьд хүргэх зорилт тавьж байгаа аж.