Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлснийг УИХ-ын 2023 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Улмаар Комиссын гишүүн Д.Сүнжидийг Комиссын даргаар томилох тухай тогтоолыг хэлэлцэж, баталсны дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар тус тогтоолыг өнөөдөр /2023.12.01/ танилцуулж, Комиссын тамга хүлээлгэн өглөө.
Тэрбээр энэ үеэр Комиссын гишүүд нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээ конвенцоор үүрэг хүлээсэн гэдгээ цаг ямагт ухамсарлаж, хүний эрхийг хамгаалахын төлөө хараат бусаар, тууштай ажиллаж ирсэн зарчмаа алдахгүй байхыг онцолсон.
Түүнчлэн Монголын нэр хүндтэй хуульчид хашиж ирсэн өндөр хариуцлагатай тушаал болохыг цохон тэмдэглэж, хүний эрхийг хамгаалах үйлсэд амжилт хүссэн юм.