Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах гарц шийдлийн талаар Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан Төрийн ордонд мэдээлэл хийх үеэр түүнээс “Ногоон автобуснуудыг хэзээ буцаах вэ?”, “Энэ асуудалд буух эзэн, буцах хаяг байгаа юу?” гэх сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өгөв.
Тэрбээр “Ногоон автобус шиг нэгэнт Монголын хилээр орж ирсэн тул авч болдоггүй, хаяж ч болдоггүй нөхцөлд дахиж ормооргүй байна.
100 ногоон автобусны асуудлыг шүүх гэм буруутай гэж шийдээгүй байгаа цагт Улаанбаатар хотоос хүлээж авах боломжгүй. Хууль, шүүхийн байгууллага эцэслэн шийдээд үнэ хэлж эсвэл хуучин автобусны үнээр нь үнэлээд ч юм уу зайлшгүй төлбөрт нь үүнийг ав гэвэл буцаад нийслэлд ирэх байх.
Гэхдээ цаашид яаж шийдэх вэ гэдгийг хараахан ярих боломж байхгүй. Шүүх шийдээгүй байхад бид хөндлөнгөөс ногоон автобусыг гаргана, оруулна гэж байхгүй. Би ойлгохдоо нэгэнт оруулж ирсэн 100 ногоон автобусыг буцаагаад гаргана гэдэг бараг боломжгүй зүйл гэж харсан.
Үйлдвэрлэгч компани нь буцааж авахгүй нь ойлгомжтой. Хоёрдугаарт эдгээрийг буцааж гаргахад ямар их хэмжээний зардал гарах вэ. Вагон дээр ачаад аль хүртэл аваачих зэрэг нь маш тодорхойгүй. Үүнийг хууль, хяналтын байгууллагаас шалгаад шийдвэрлэнэ” гэлээ.