УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүүрсний сонсголд Б.Ганхуягийг оролцуулахыг хүссэн ч сонгол даргалагч Б.Энхбаяр худал ярьсан гэж өчигдөр мэдэгдсэн билээ. Тэгвэл Хууль зүй, Дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулж Б.Ганхуягийг сонсголд оруулах хүсэлт илгээсэн тухай баримтыг дэлгэлээ.
Тэрээр твиттер хуудаснаа “УИХ-ын хяналт шалгалтын Түр хорооноос 2023.11.29-ний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорт шүүгдэгч Б.Ганхуягийг УИХ-ын нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд гэрчээр оролцуулах тухай албан бичгийг хүргүүлсэн.
2023.11.30-ний өдөр Ерөнхий прокуророос Б.Ганхуяг нь шүүхэд хэрэг нь шилжсэн бөгөөд прокурорын байгууллага шийдвэрлэх боломжгүй бичиг ирүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүхэд хэрэг нь шилжсэн, шүүн таслах ажиллагаанд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, төр, нам, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцохыг хориглосон бөгөөд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан.
Үндсэн хуулийн энэ заалт бүгдэд, тэр дундаа УИХ-ын гишүүнд ч хамаатай.
Шүүхийн шийдвэр, шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс намайг оролцуулахад түлхэж Монгол Улсын Үндсэн хууль зөрчүүлэх үйлдэл хийлгэх санаархалд би автахгүй. Энэ нь гэмт хэрэгт тооцогддог. Үндсэн хуулийн зүйл, заалт, үг үсгийг би хэн нэгнээр заалгахгүйгээр мэднэ.
Шүүхээс УИХ-ын гишүүн С.Ганбаатарт ч Үндсэн хуулийн дээрх заалтыг сануулж шүүгдэгч Б.Ганхуягийг УИХ-ын нээлттэй сонсголд гэрчээр оролцуулах асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүйг бичгээр ирүүлсэн байна” гэж бичжээ.