УИХ-ын ээлжит чуулганаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой бүтээн байгуулалтын ажлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Нэгдсэн халаалтаас татгалзаж дэд төвүүд дээр дулааны эх үүсвэрүүдийг бий болгох төлөвлөлтийг цааш нь хийгээд явж байгаа. Цахилгааны эх үүсвэрээр шийднэ гэдэг боломжгүй болсон. Зуух шийдэл биш. Бүрэн шатаана зэрэг үлгэрийг хэдэн жил ярих гэсэн юм. Бид мартчихаад л байгаа болохоос өдийд манан дунд л байдаг байсан шүү дээ.
Мананг арилгачхаад байгаа энэ амжилтаа ахиулахын тулд өмнө нь хийсэн шахмал түлшээ сайжруулах хэрэгтэй. Цаашдаа нүүрс хүчлийн хий ялгардаггүй эх үүсвэрүүдийг ашиглах хэрэгтэй байх. Өнөөдөртөө бол шахмал түлшний технологио сайжруулаад л явах хэрэгтэй.
Гэр хороололд орлогод нийцсэн орон сууц гэдэг л хэрэгжихээс өөр аргагүй. Орлого багатай иргэдэд аль болох хямд орон сууцыг барих мөн түрээсийн орон сууцны тогтолцоог хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байна.
Арилжааны маягаар орон сууц бариулаад байвал гэр хорооллын иргэд худалдан авч чадахгүй учраас Төрийн орон сууцны корпорац нь захиалаад аль хямд байдлаар бариулах асуудалд анхаарна.
Бид бүх байрныхаа дулаан алдагдлыг шийдэж чадвал ахиад нэг дулааны станц гаргаад ирж чадна. Бид үйлдвэрлэсэн дулааныг салхинд хийсгээд сууж байна” гэв.