Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан нарын хүмүүс өвөлжилт хүндэрсэн үед төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ газар дээрээ ямар биелэлттэй байгаад үнэлэлт, дүгнэлт өгөхөөр Төв аймгийн зарим сумдаар ажиллалаа.
Төв аймгийн хэмжээнд энэ жилийн тухайд өнгөрсөн жилийнхээс өвөлжилт харьцангуй өнтэй болж байгааг Баяндэлгэр сумын малчид хэлж байв.
Аймгийн ЗДТГ-аас малчдыг хоршооллын хэлбэрээр ногоон тэжээл тариалах боломжоор нь хангаж байгаа тул өвс, тэжээлийн нөөц хангалттай байгаа аж.
Төв аймагт Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор Улсын нөөцөөс хивэг 100 тонн, цеолит 3.84 тонн, рапс 6.64, хорголжин тэжээл 130 тонн тус тус олгохоор шийдвэрлэсэн. Орон нутгийн хэмжээнд нийт 21 ШТС ажилладгаас өнөөдрийн байдлаар 15 нь ажиллаж байгаа бөгөөд зам даваа гаргах, малчдад өвс, тэжээл хүргэхэд зориулж Улсын нөөцөөс 30 тонн шатахууныг орон нутагт олгохоор шийдвэрлэлээ.
Энэ үеэр Баяндэлгэр сумын залуу малчин П.Эрдэнэбатын хот айлаар зочилж, УИХ, Засгийн газрын зүгээс хийж хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулан, малчдын санал бодлыг нь сонссон юм. Энэ цаг үед малчдад тулгамдаж буй гол асуудал нь хүн хүчний хомсдол учраас “Хот айл” загвар төслийг НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, малчдыг хот айлаараа нэгдэж хорших жишиг тогтоохоор бодлогын ажлууд хийгдэж байгаа тухай танилцуулав.