Иргэд ямар агаараар амьсгалж байгаагаа мэдэх эрхтэй. Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах эрх зөрчигдсөөр байна. Хуулиар үүрэг хүлээсэн холбогдох байгууллагуудын эс үйлдлийг эсэргүүцэж Хүний их эмч, анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг, Анагаах ухааны эрх зүйч, доктор Э.Ганбат нар мэдээлэл хийж, шүүхэд гомдол гаргах болсноо мэдэгдлээ.
Хүний их эмч, анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг хэлэхдээ “Өнгөрсөн есдүгээр сараас хойш агаарын бохирдлын талаар хүмүүсийн эрүүл мэндтэй холбоотой судалдаа шинжилгээ хийж, контент бэлтгэж эхэлсэн. Ингэхдээ энэ асуудлыг зөвхөн контентоор дамжуулах бус хуулийн хүрээнд ажиллаж, хууль эрхзүйн баримтыг зөв гаргаснаар оновчтой шийдэлд хүрнэ.
Нийт агаарын найрлагын 21 хувь нь хүчилтөрөгч байдаг. Гэтэл 21 хувь байдаг хүчилтөрөгчийн оронд С буюу нүүрстөрөгч, угаарын хийн найрлагаар амьсгалж байна. Утааны найрлага, шахмал түлшний найрлагаас гарч байгаа хортой хийн бодит байдлын талаар мэдээлэх үүргээ засгийн газар биелүүлээгүй гэж үзэж байна. Монгол улс химийн бодисын шалтгаант цочмог хордлогын 60 гаруй хувийг бага насны хүүхдийн санамсаргүй хордлого эзэлж байна.
Угаарын хийн хордлогод орсны дараа хүний тархины үхжилт тодорхой хэмжээгээр үүсдэг. Үүнийг анагаах ухааны хэллэгээр энцефалопати гэдэг. Энэ нь мэдрэлийн эд эсийн бодисын солилцоо аажмаар муудах болон хурц тархины хаван үүсэх гэсэн эмгэг үйл явцаар нөхцөлдсөн “2 нүүр” бүхий эмнэлзүйн шинж тэмдгээр илрэх эмгэг юм. Тэгэхээр иргэд сүүлийн жилүүдэд ковидын улмаас зарим зүйлсийг мартаад байгаа гэж байгаа хэдий ч нөгөө талаараа өвлийн улиралд угаарын хий болон утаа асар их нөлөөлж байгаа юм.
2022 оны байдлаар нийт хүн амын 608 мянган хүн нь амьсгалын замын өвчнөөр эмнэлэгт хандаж эмчлүүлсэн. Энэ нь нийт өвчлөлийн 17 хувь буюу амьсгалын замын өвчлөл монгол улсад бүх өвчлөлийн нэгт явж байгааг харуулж байна.
Утааны улиралд хүүхдүүд жилд 4-удаа ханиад хүрч байна. Нэг удаагийн ханиаданд эцэг эхчүүд 200-300 мянган төгрөг зарцуулж байна. Ингэснээр жилд хүүхдийн ханиаданд 1-1.2 сая төгрөг зарцуулж байгаа аж. Иймд дээр дурдсан мөнгөн дүнтэй дүйцэх нөхөн олговрыг 0-5 настай хүүхдэд өгөхийг шаардаж байна” гэлээ.