Улсын дугаарын тэгш, сондгой орноор нь хязгаарлан тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт өнөөдрөөр дуусгавар болж байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг мэдээллээ.
Ингэснээр маргаашаас хуучин хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно.
Тодруулбал
- 1, 6-гаар төгссөн дугаартай машинууд Даваа гарагт
- 2, 7-гоор төгссөн дугаартай бол Мягмар гарагт
- 3, 8-аар төгссөн дугаартай бол Лхагва гарагт
- 4, 9-өөр төгссөн дугаартай бол Пүрэв гарагт
- 5, 0-ээр төгссөн дугаартай бол Баасан гарагт замын хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг “Маргаашаас хөдөлгөөний эрчим буурах буюу түгжрэл үүсэх магадлалтай. Үүнийг дагаад нийтийн тээвэр хүнд байдалтай болж, түгжрэл дунд зогсох эрсдэлтэйг хэлмээр байна. Улаанбаатарт 700 мянган машин бүртгэлтэй. Үүний 400 мянга нь гараад ирэхэд үе үе тэг зогсолт болох нөхцөл байдал үүсдэг. Мөн гарч буй ослууд түгжрэлийг нэмж байна.
Цаг агаарын нөхцөл байдлаас болоод халтиргаа гулгаа их байна. Нийслэлээс давс бодисыг хангалттай бэлдсэн, хангалттай цацаж байгаа. Гэвч давс бодис цацсаны дараа замын хөдөлгөөний нөхцөл байдлаас болоод маш орой хамж авдаг бөгөөд тэр хугацаанд хөлддөг. Энэ мэтчилэн зам дээрээ багтаж шингэхгүй байгаагаас үүдэн асуудлууд хүндэрч байгаа” гэлээ.