Баасан гарагийн өглөөнөөс эхлэн Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийн ихэнх хэсгийг шар шороон шуурга нөмөрч, агаарын чанар эрс муудсан байна.
Шоо метр тутамд 151 микрограммаас дээш нарийн ширхэгтэй тоосонцор хэмжигдэхийг Өмнөд Солонгосын стандартаар “маш муу” агаарын чанар гэж үздэг.
Тэгвэл Баасан гарагийн өглөөний 8:00 цагийн байдлаар нийслэл Сөүл хотод энэ хэмжээ 440 мкг/м3 байсныг Солонгосын Цаг Уурын Алба (КМА) мэдээлжээ.
Өглөөний 6:00 цагт Инчон хотын Чонна-дон дүүрэгт 698 мкг/м3 хүрсэн нь хамгийн өндөр бохирдол болсон байна.
Шар шороон шуургыг Монголын тэгш өндөрлөгөөс гаралтай гэж КМА мэдээлжээ.
Байгал нуураас Ордос, Тэнгэр уулаас Хянганы нуруу хүртэлх хээр тал, өндөр уул хосолсон нутгийг газар зүйн шинжлэх ухаанд Монголын тэгш өндөрлөг гэж нэрлэдэг.
Байгалийн энэ гамшигт үзэгдэл Бямба гараг хүртэл үргэлжлэхийг Өмнөд Солонгосын эрх баригчид анхааруулжээ.
Эх сурвалж: Yonhap News