Сүүлийн өдрүүдэд С.Зориг агсны амиа алдсан хэрэг олны анхааралд ороод буй. Учир нь С.Зориг агсантай хамтран амьдарч байсан Б.Булган хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог. С.Зориг амиа алдахаасаа өмнө өөрийг нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн талаар надад хэлж байсан” хэмээн мэдэгдсэн юм.
Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, “Би тухайн үеийн Үндэсний ардчилсан намын дарга байсны хувьд С.Зоригийг Ерөнхий сайд болгох асуудал яригдаж байгаагүй” гэсэн утгатай мэдэгдлийг хийсэн.
Гэтэл С.Зориг агсны дотын найз А.Ганбаатар манай сайтад өгсөн ярилцлагадаа, “Ерөнхий сайд болох бүх тохироог хийсэн өдрийн орой С.Зоригийг минь хөнөөсөн” гэж мэдэгдсэн. Мөн Сангийн сайд асан АН-ын тэргүүн дэд дарга Ц.Баярцогт саяхан Eagle телевизэд өгсөн ярилцлагадаа, “Манай фракц 1998 оны аравдугаар сарын 02-нд С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх санал гаргасан. Харамсалтай нь тэр орой амиа алдсан” хэмээн ярьжээ.