Монгол хэл бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 6-нд зохион байгуулагдлаа.
Тус шалгалтад 35,680 суралцагч бүртгүүлснээс 33,361 нь хамрагдсан бөгөөд дүн нь дөрөвдүгээр сарын 19-нд гарч, цахим системд байршсан юм.
“Монгол хэл бичгийн шалгалтад 57 шалгуулагч 800 оноо авсан. Харин 5,389 шалгуулагч босго буюу 400 оноондоо хүрч чадаагүй” хэмээн Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээлэв. Өөрөөр хэлбэл шалгалтад хамрагчдын 16 хувь нь босго оноондоо хүрээгүй байна. Тэд наймдугаар сарын 17-нд болох дахин шалгалтад хамрагдаж, оноогоо ахиулснаар их, дээд сургуульд элсэн суралцах боломж нь нээгдэх юм.
Монгол хэл, бичгийн шалгалтыг суралцагчдын эх хэлээрээ унших, ярих, эх хэлний дархлааны түвшнийг сайжруулах чиглэлээр авдаг.
Тодруулбал
-
Уншаад ойлгох чадвар
-
Зөв бичих чадвар
-
Үндэсний бичгээр унших чадвар
-
Эх зохион найруулан бичих чадварын агуулгын хүрээнд байдаг.
Шалгуулагч нь Монгол хэл, бичгийн шалгалтын босго онооны болзлоо хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болдог. Харин Монгол хэл, бичгийн шалгалтын босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд их сургуульд элсэхгүй боломжгүй болдог юм.