Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга 2024 оны дөрөвдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа талаар албаныхан мэдээлсэн. Уг айлчлалтай холбоотойгоор дээрх өдрүүдэд зарим замуудын хөдөлгөөнд зорчих чиглэлийн дагуу түр хугацаанд хязгааралт хийх гэнэ. Тиймээс иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусад хөдөлгөөнд оролцогч нарт хүндэтгэлтэй хандаж, уур бухимдалгүй, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Албан ёсны айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Жогорку Кенешийн дарга Н.Шакиев бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзах гэнэ.
Түүнчлэн Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев энэ сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” II чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож, илтгэл тавина.
Энэ албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд Монгол, Киргизийн хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгахад чухал хувь нэмэр оруулах юм.