Монголын агаарын тээврийн “Хүннү эйр” компани БНХАУ-ын Хунань мужийн төв Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо.
Нислэгийг долоо хоногт нэг удаа үйлдэх бөгөөд бямба гараг бүрийн 21:40 минутаас Улаанбаатар хотоос хөөрсөн онгоц 01:00 цагт Чангшад газардана. Ням гарагийн 01:55 цагт Чангша хотоос Улаанбаатар хот руу хөөрч, 05:30 минутад газардах цагийн хуваарьтай байна.
Энэхүү шууд нислэг нь Монгол Улс Төв Хятадыг холбосон анхны маршрутад тооцогдож буй. Ташрамд дурдахад, Чангша хот нь эртний дурсгал, байгалийн үзэсгэлэн, орчин үеийн гайхамшгууд хамтдаа цогцолсон аялал жуулчлалын голлох бүс нутаг юм.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын тээврийн салбарт Хямд тийз, хүртээмжтэй нислэг зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд дээрх чиглэлд нислэг үйлддэг боллоо.
Эх сурвалж: ЗТХЯ