Үхрийн зүсэнд цагаан өнгө их тул боом, сахуу өвчин дэлгэрэх нигууртай. Толгой улаан нь хаврын саруудад хур багатай, халуун өвчин дэлгэрэх талтай. Эвэр, сүүл, чих, хөх зэрэг нь улс орон хөдөлгөөнтэй байхыг харуулж байна. Омруу хөх тул хаврын дундаас хойш зундаа хуртай. Биеийн өнгө цагаан нь зундаа мөндөр цохихын дохио. Дөрвөн шийр шар нь улирлуудын сүүлээр өвс ногоо сайтай байхыг харуулж буй.
Үхэр хариулаач хүүхэд тул нялхас буюу ард иргэдэд амгалантай, өвгөд буюу өндөр суудалтнаа ширүүн, залуус буюу дунд зэрэг дэвийнхэнд маш ширүүн болой. Унгасан шилбүүр барьсан нь хааны хатуу цааз бууна.
Ард олон хаад, түшмэдтэй тэмцэлдэхийн дохио. Гутлаа өмссөн нь хур ихтэй, ард иргэд яаруу сандруу байхыг бэлгэднэ. Үхрийн өмнө яаран гүйж байгаа нь малд сайн ч ард зон хямралтай байна. Баруун чихний ар, зүүн чихний өмнүүр үс нь хийссэн нь өвчин бага байхын тэмдэг. Шар царайтай нь будаа тариа арвин авахыг бэлгэдэж буй.
Зурхайч Л.Тэрбиш