Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд дөрвөөс дээш давсан бөх, үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй эхний найман байр эзэлсэн харваачаас допингийн шинжилгээ авдаг хуультай.
Бөх, сурын харваачаас допингийн шинжилгээ авах арга хэмжээг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МОНАДА) зохион байгуулдаг билээ.
Тус байгууллага энэ жилийн Үндэсний их баяр наадамд оролцсон тамирчдаас авах шинжилгээг Дэлхийн допингийн эсрэг агентлагаар итгэмжлэгдсэн ХБНГУ-ын Дрезден хотын Допингийн хяналтын лабораторид шинжлүүлэх талаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисст хүсэлт өгчээ. Өмнө нь БНСУ-ын лабораторид шинжлүүлдэг байсан.
Энэ талаар МОНАДА-ын холбогдох ажилтан “Долдугаар сарын 13-нд Бямба гараг таарч байгаа. Тиймээс тамирчдын сорьцыг Допингийн хяналтын ажилтан шууд нислэгээр Германы лабораторид долдугаар сарын 14-нд хүргүүлж, хариуг 48 цагийн дотор буюу долдугаар сарын 16-нд гаргуулах боломжтой.
Гэхдээ шинжилгээгээр ямар нэгэн хориотой эм бэлдмэл илэрвэл сэжигтэй гэсэн хариу ирүүлдэг. Энэ тохиолдолд тамирчны нэрийг зарлах боломжгүй. Заавал 14-21 хоногт баталгаажуулах шинжилгээ өгсний дараа нийтэд нээлттэй мэдээлнэ.
Одоогоор МОНАДА-ын авч буй шинжилгээний 60-70 хувь нь Дрезден хотын Допингийн хяналтын лабораторид очдог. Манай байгууллага тус лабораторитой энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хамтран ажиллаж эхэлсэн” хэмээн мэдээллээ.