Монголбанкнаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, бодлогын хүүг бууруулж, 11% болгосноо зарлалаа.
Мэдээллийн дараа ирэх саруудад инфляц өсөх эсэх талаарх сэтгүүлчийн асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулав.
Тэрбээр “Дөрөвдүгээр сард инфляц 6.4%-тай байлаа. Хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг харахад Монгол Улсын инфляцын 30%-ийг нь мах, сүү гурил эзэлж байна. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь инфляцад гол нөлөөтэй. Зуны улиралд мах, сүүний үнэ буурдаг. Сүүлийн үед гурилын үнэ ч буурч байгаа учраас цаашид инфляцад нөлөөлөх нийлүүлэлтийн шинжтэй нөлөө бага байна.
Манай улсын валютын нөөц түүхэн дээд буюу таван тэрбум ам.долларын орчим байна. Ингэснээр валютын ханш тогтвортой байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд монгол төгрөг ам.долларын эсрэг 3% чангарсан.
Импортын бараа бүтээгдэхүүнд ханшийн нөлөө байхгүй.
Дэлхийн улс орнуудад инфляц тогтворжиж байгаа учраас манай улсын импортоор авч буй бараа бүтээгдэхүүнд нөлөө байхгүй.
Ирэх 2-3 сард инфляц нэг их савлахааргүй харагдаж байгаа учраас бодлогын хүүг бууруулсан шийдвэр нийцтэй гэж үзэж байна” гэж ярилаа.