Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг энэ оны эхний таван сарын байдлаар 122 бүртгэгдсэн нь өмнөх оноос бараг 20 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Мөн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн 92 хувь нь 35 хүртэлх насны залуус байгаа тул эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлэх шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Өчигдөр тус байгууллагаас мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлыг танилцуулахын зэрэгцээ дараах зөвлөмжийг хүргэсэн юм.
Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Г.Пүрэвдэлгэр “Өнгөрсөн онд Хар тамхитай тэмцэх газраас төрийн ба төрийн бус байгууллагаас хамтран, АНЗААР аяныг зохион байгуулсан. Энэ хүрээнд тодорхой чиглэлээр мэдээ сурталчилгааны ажлууд явуулж, ард иргэдэд өгч байсан анхааруулга мэдээллээс дахин хүргэе. Та бүхэн үр хүүхэд ойр дотны хүмүүс, найз нөхдөө хаана, юу хийж явааг дахин нэг анзаарч үзээрэй.
Хоёрдугаарт бусдын ачаа тээвэр, дайврыг ямар нэгэн байдлаар авч явахгүй байхыг нийт ард иргэддээ болон Монгол Улсаас гадагшаа зорчиж буй, гадаад улсаас Монголд ирж байгаа иргэддээ дахин анхааруулж хэлмээр байна.
Мөн таны ойр дотны хэн нэгэн, үр хүүхэд бие болон сэтгэл зүйн хувьд тогтворгүй, сэжигтэй байгаа шинж тэмдэг илэрвэл мэдээлэл өгөх цагдаагийн байгууллагын 116 дугаарын утас 24 цагаар ажиллаж байгаа гэдгийг та бүхэнд мэдэгдье” гэв.