Улсдаа анхдагч “Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах үүргийг гүйцэтгэхээр БНХАУ, ОХУ, БНСУ, ХБНГУ, Япон тэргүүтэй нийт 11 улсын 20 компани саналаа ирүүлсэн билээ.
Тус компаниудаас нэгдүгээр үе шатанд ОХУ-ын “NPS”, БНХАУ-ын “China Railway Design”, “Guangzhou Metro Group”, БНСУ-ын “Dohwa Engineering” зэрэг томоохон компаниуд шалгарч үлдсэнээс БНСУ-ын “Dohwa Engineering” компани зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт шалгарчээ.
“Dohwa Engineering” нь анх 1957 онд БНСУ-д байгуулагдаж, өдгөө тус улсын тэргүүлэх инженерчлэлийн зөвлөх компани болжээ. Тус компани нь усан хангамж, хот төлөвлөлт, автозам зохицуулалт, төмөр зам, усан боомт зэрэг дэд бүтцийн салбаруудад төлөвлөлт, техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), зураг төсөл, дүн шинжилгээ, туршилт, үнэлгээний үйл ажиллагаа явуулдаг.
“Dohwa Engineering” компани нь Перу, Панам зэрэг улсуудад метроны төсөл хэрэгжүүлж байсан ба дэлхийн 80 улсад төсөл хэрэгжүүлж байсан арвин туршлагатай. Манай улсад ч мөн БНСУ-ын Экспорт-Импорт банкны буцалтгүй тусламжаар “Баянголын ам” түрээсийн орон сууцны төсөлд ТЭЗҮ-ийн судалгааны ажлыг гүйцэтгэн, хамтарч ажиллаж байсан билээ.
“Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлэхэд “Dohwa Engineering” компани БНСУ-ын “Korean National Railway”, “Korail” компаниуд болон 2011 онд “Улаанбаатар метро”-ны үндсэн техник инженерийн төсөл боловсруулж байсан “Soosung Engineering” зэрэг компаниудтай хамтарсан түншлэлийн хүрээнд ажиллах юм байна.