МАН олонх болж дангаараа Засгийн газраа байгуулах боломжтой болсон ч АН, ХҮН намтай хамтарч эвсэлийн Засгийн газар байгуулах боломжийн талаар ярилцах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Тухайлбал, өчигдөр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг түр гүйцэтгэгч Я.Содбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, 126 гишүүнтэй парламент байгуулсантай холбоотой бусад нам, эвслүүдтэй зөвшилцөх, дараагийн шинэ Засгийн газрыг байгуулах, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, бүтэц бүрэлдэхүүний талаар бусад нам эвсэлтэй зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан.
Уг ажлын хэсгээс АН болон ХҮН намд ямар санал тавьсанаас олон зүйл шалтгаална.
Тэгвэл АН-ын бүлгийн даргаар улиран сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “АН-ын төлөөллийн төв байгууллага ҮБХ цаашдын улс төрийн үйл ажиллагаанд чиглэл өгөх бөгөөд хувь улс төрчийн хувьд ‘айлын хатавчинд очиж суухгүй’ буюу засагт орохгүй сөрөг хүчнээ хийх, ирэх жилүүдэд анхан, дунд, УИХ-ын гээд аль ч түвшинд АН засаглах боломжтой гэж үздэг тул ийн шийдвэр гаргасан болно” гэж мэдэгдэв.