Монгол-Зөвлөлтийн хамтарсан арми Халх голын тулалдаанд ялалт байгуулсны 85 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад суугаа Ерөнхий консулын газар, тус улсын Түүхийн музей хамтран “Халх гол. Найрамдлын жимээр” фото зургийн үзэсгэлэнг дэлгэлээ.
Үзэсгэлэнд Монгол Улсын Цэргийн түүхийн музей, холбогдох газруудаас ирүүлсэн 50 орчим фото зураг, Халх голын үйл явдалтай холбоотой ном товхимол, альбом, дурсгалын медаль зэрэг багтжээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын сайд С.Дагаева, Ерөнхий консул Д.Нямцэрэн, ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд хотод суугаа Төлөөлөгчийн газрын Тэргүүн А.И.Пономарёва нар оролцож, үзэсгэлэнг нээж үг хэлжээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Буриадын “Байкал” театрын уран бүтээлчид ая дуугаар мэндчилгээ дэвшүүлжээ.