Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс гарч, дэд Ерөнхийлөгч Камала Харрист халаагаа өгнө гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ням гарагт мэдэгдлээ. Тэрбээр бүрэн эрхийн үлдсэн хугацаагаа дуусгана гэдгээ дурдаад, энэ долоо хоногийн сүүлчээр ард түмэндээ хандан үг хэлэхээр төлөвлөжээ.
Үүний хариуд К.Харрис хэлэхдээ, Ж.Байдены дэмжлэгийг хүлээсэндээ бахархаж байгаагаа илэрхийлээд “нэр дэвших эрхээ авч, ялалт байгуулна” гэдгээ амлалаа. К.Харрис улс төрийн томоохон намаас нэр дэвшигчээр сонгогдсон анхны өнгөт арьст эмэгтэй, анхны ази-америк гаралтай хүн болж магадгүй байна. Байден-Харрисын сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулагчдын зүгээс үндсэн хорооны нэрийг өөрчилж, Харрисыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр зарлахын тулд Холбооны сонгуулийн комисст хүргүүлсэн мэдүүлэгтээ өөрчлөлт оруулжээ. Ингэснээр К.Харрис сонгуулийн сурталчилгааны сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй болох аж.
Ж.Байдены дэмжлэгийг авсан хэдий ч К.Харрис нэр дэвших эсэх, эсвэл өөр хүний нэрийг дэвшүүлэхийн тулд нам ямар үйл ажиллагаа явуулах нь одоогоор тодорхойгүй байна. Үүнээс гадна, Баруун Виржиниа муж улсаас сонгогдсон сенатч, бие даан нэр дэвшигч Жо Мэнчиний ойрын хүмүүсийн ярьснаар бол, тэрбээр Ардчилсан намын гишүүнээр дахин бүртгүүлж, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байгаа ажээ.
Ж.Байден өрсөлдөөнөөс гарахаа мэдэгдсэний дараа Д.Трамп CNN телевизийн сэтгүүлчтэй утсаар ярихдаа “Ж.Байден бол Америкийн түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгч” гэж тодорхойлсон байна. Ерөнхийлөгч асан мөн дэмжигчдэдээ хандан хандив өргөхийг уриалжээ.
Эх сурвалж: CNN