“Парис-2024”- зуны олимпын наадамд Монгол Улсын тугчаар өдгөө 6 дахь олимпын наадамдаа өрсөлдөх гэж буй шилдэг марафонч, Монгол Улсын гавьяат тамирчин П.Сэр-Од, анхны олимпын наадамдаа өрсөлдөх “тийз”-ээ захиалсан боксын спортын олон улсын хэмжээний мастер О.Есүгэн нар томилогджээ.
П.Сэр-Од нь 2012 оны Лондоны олимпын наадамд Монгол Улсын тугчаар сонгогдож байсан. Харин боксын спортын төрлөөс анх удаа тугчаар сонгогдсон тохиолдол нь ОУХМ О.Есүгэн юм.
Зуны олимпын наадмын Монголын багийн тугчид:
- “Токио – 1964” – Ч.Найдан /хөнгөн атлетик/
 - “Мехико – 1968” – Х.Баянмөнх /чөлөөт бөх/
 - “Мюнхен – 1972” – Б.Жамсран /чөлөөт бөх/
 - “Монреаль – 1976” – З.Ойдов /чөлөөт бөх/
 - “Москва – 1980” – З.Дүвчин /чөлөөт бөх/
 - “Сөүл – 1988”, “Барселон – 1992”, “Сидней – 2000” – Б.Бат-Эрдэнэ /жүдо/
 - “Атланта – 1996” – Д.Сумьяабазар /чөлөөт бөх/
 - “Афин – 2004” – Д.Нямхүү /жүдо/
 - “Бээжин – 2008” – М.Баяржавхлан /жүдо/
 - “Лондон – 2012” – Б.Сэр-Од /хөнгөн атлетик/
 - “Рио – 2016” – Б.Тэмүүлэн /жүдо/
 - “Токио-2020” О.Хулан / Сагс/ Ө.Дүүрэнбаяр /Жүдо/
 
Ташрамд сонирхуулахад, Монгол Улс түүхэндээ анх удаагаа 1964 оны Токиогийн олимпын наадамд оролцож эхэлсэн. Тухайн үеийн олимпын наадмын Монгол Улсын тугчаар Хөнгөн атлетикийн дасгалжуулагч Ё.Найдан сонгогдож байв.
Эх сурвалж: Олимпын хороо
    






















































    


















