Монгол эмэгтэй үндэсний дээл хувцсаа өмсөж уралдаад, Гиннесийн дээд амжилт тогтоосон баяртай мэдээ байна.
Монгол улсын иргэн Г.Оюунгэрэл нь Канад улсын Торонто хотын “TCS Toronto Waterfront” марафонд 13-р зууны үеийн Монгол хатны Богтаг малгай, уужийн хамт өмсөж, бүтэн марафон буюу 42 км-ын зайд амжилттай гүйж, хэдхэн цагийн өмнө барианд орлоо.
Тэрээр 3 цаг 40 минут 28 секундэд замаа дуусгасан бөгөөд Богтаг малгай, ууж өмссөн буюу энэ хувцасны ангилалдаа Дэлхийн дээд амжилт тогтоолоо. Тэрээр тэмцээний дараа сэтгэгдлээ хуваалцахдаа “
Монгол үндэснийхээ өв соёлыг сурталчлан таниулах, түүх ёс заншлаа дээдлэн бахархах зорилгоор Монгол үндэсний өв соёл 13-р зууны Монгол хатны Богтаг малгайг Монгол дээл, уужийн хамт өмсөж Геннисийн амжилт тогтоосондоо баяртай байна” хэмээн ярьсан байна. Г.Оюунгэрэл нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрж өссөн. Одоогоор АНУ-д ажиллаж амьдарч байгаа юм байна. Түүний хувьд дэлхийн алдарт 6 марафонд амжилттай оролцож, өнгөрсөн зун 6 од медалиа гардан авч, бахдам амжилт үзүүлж байсан юм.