Газын зурваст богино хугацаанд гал зогсоох тухай Египетийн талаас тавьсан саналыг Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хүлээн авахаас татгалзжээ.
Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси уг саналыг ням гарагт дэвшүүлсэн талаар Израилын хэвлэлүүд мэдээлсэн юм.
“Газын зурваст барьцаалагдаад байгаа дөрвөн /Израил/ хүнийг палестин хоригдлуудаар солилцохын тулд хоёр өдөр гал зогсоож, түүний дараа гал зогсоох хэлэлцээрийг байнгын эвлэрэл болгохын тулд 10 хоногийн хэлэлцээ хийхийг бид санал болгож байна” гэж Сиси нийслэл Каир хотноо Алжирын Ерөнхийлөгч Абдельмаджид Теббунтэй хамтран хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгджээ.
Израилын сайд нарын дийлэнх нь Египетийн саналыг дэмжсэн боловч “хэлэлцээ зөвхөн довтолгоо үргэлжилж байгаа үед явагдана” гэж мэдэгдсэн Б.Нетаньяхугийн эсэргүүцлийн улмаас Тель-Авив уг саналаас татгалзахаар шийдсэн гэж Израилын Channel 12 телевиз мэдээлсэн байна.
Израилын талын тооцоогоор тус улсын 101 орчим иргэн Газын зурвас дахь Палестины ХАМАС бүлэглэлийнхэнд барьцаалагдсан хэвээр байгаа аж. Гэхдээ тэдний зарим нь хүн ам шигүү суурьшсан бүс нутагт өгсөн Израилын агаарын цохилтын улмаас амиа алдсан байж болзошгүй байна.