Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа

БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус улсын Жөжян мужийн Ханжөү хотын дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд болох Чяньтан мөрний хоёрдугаар гүүр буюу Пөнбү гүүр, Шиху нуурын дүүрэгт байрладаг Зыжы туннелийн байгууламжтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын 20 минутын хот Үндэсний хорооноос хэрэгжүүлэх бүтээн байгуулалтуудын чухал хэсэг болох Туул гол дээгүүр тавигдах “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүр, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах зорилтын дагуу Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий 15.3 км автозам, гүүр, гүүрэн байгууламж барьж байгуулах төслүүдийг судлах хүрээнд Ерөнхий сайд, Засгийн газрын холбогдох гишүүд эдгээр байгууламжтай танилцсан юм.

сонин mn

Пөнбү гүүр нь хүчтэй урсгалтай мөрөн дээр баригдсан, авто зам, төмөр замыг тусгаарласан байдлаар хослуулан шийдсэн инженерийн бүтээл гэдгээрээ дэлхийд алдартай. Голын 40 км/ц хурдтай ширүүн урсгалыг тэсвэрлэхийн тулд Хятадад анх удаа ган татлагат аргыг тус гүүрэнд ашиглажээ. БНХАУ-ын Төмөр замын яамны Хятадын зүүн хэсгийг төвтэй холбох төсөлд тус гүүр багтдаг, төмөр замын үндсэн сүлжээний чухал хэсэгт тооцогддог аж. Төмөр зам, авто замын хоёр үндсэн хэсэгтэй. Төмөр замын хэсэг нь хоёр шугамтай, 11.4 метр өргөн, 2,8 км урт, 120 км/цаг хурдны хязгаартай бол авто замын хэсэг нь 19.5 метр өргөн, дөрвөн урсгалтай, 1,3 км урт, 100 км/цагийн хурдны хязгаартай зорчино.

Барилгын төлөвлөгөө батлагдсанаас хойш зургаан жилийн дараа буюу 1992 онд ашиглалтад орсон Пөнбү гүүр инженерийн онцгой шийдэлтэйгээс гадна бүс нутгийг холбодог, төвлөрлийг сааруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн хөгжилд том хувь нэмэр оруулдаг гүүр ажээ.