Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг Усны газрын дарга З.Батбаяр танилцуулж байна.
Усны газрын дарга З.Батбаяр:
-Улаанбаатар хотод задгай усанд орох аргагүй болжээ. Туул голын усанд битгий шумбаж, сэлээрэй. Сэлснээр гэдэсний савханцар буюу зөвхөн хүний өтгөнөөс гарч ирдэг тийм нянд өртөнө. Туул голын ихэнх хэсгийн уснаас энэ нян илэрч байна.
Улаанбаатарт 17 мянган худаг байна. Гэтэл 680 мянган нүхэн жорлон бий. Харьцуулбал нэг худгийг тойроод 40 жорлон байна. Тэгвэл худаг гаргаад хэрэггүй болжээ. Гэдэсний савханцартай л ус ууна гэсэн үг. Үүний оронд УСУГ-ын Ус түгээх сувгаас усаа авч хэрэглэвэл аюулгүй.
Мөн нүхэн жорлонгийн тоог бушуухан багасгахгүй бол аюул үргэлжилсээр байна. Байшин барих гэж байгаа бол эхлээд цэвэр, бохир усныхаа шугамыг тат гэдэг стандартыг дагаж мөрдөхгүй бол аюултай шүү.
Өнгөрсөн 7 сард орсон борооны уснаас дээж авсан шинжилсэн. Гэтэл энэ уснаас гэдэсний савханцар илэрсэн. Автомашинтай явахад санаатай, санаандгүй байдлаар борооны тогтоол усыг хүн рүү цацдаг. Энэ нь гэдэсний савханцар хорхойг бие, бие рүүгээ цацаад явж байна л гэсэн үг.