УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.15/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй асуудлаар санал хурааж байна. Тиймээс УИХ-аар энэ асуудлыг чуулганы үдээс өмнөх болон хойших хуралдааныг дамнан хэлэлцэж гишүүд олон асуулт тавьж, хариулт авсан юм.
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт хэрэгжих Монгол-Францын хамтарсан ураны Зөөвч-Овоо төслийг 44 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Оюутолгойгоос хойш Монгол Улсад хийх гэж буй хөрөнгө оруулалтын хоёр дахь том гэрээ юм.
Энэ төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл дээр хоёр тал ажиллаж буй бөгөөд удахгүй УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх гэж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монгол-Францын хамтарсан ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улс 9 хувийн АМНАТ авах ёстой гэж байр суурь илэрхийлэв.
Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, АМНАТ дэлхий дахинд дунджаар 5.5 хувь байна. Ураны хамгийн их нөөцтэй Казахстанд 6 хувь, Австрали, Канад, Нигери тус бүр 5 хувь, Узбекистанд 8 хувь байна гэж тодруулж хэлсэн юм.
УИХ-аар Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалтын гэрээг удахгүй хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, С.Ганбаатар гишүүн буруу л ярьж байна. Энэ чинь хөрөнгө оруулалтын гэрээ биш, Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт.
Их хуралд олон жил суучихаад мэддэг царай гаргадаг ах нар одоо больцгоо. Эх оронч дүр эсгэж эх орны эсрэг ажилладаг ах нар одоо маскаа тайл. Ийм хүмүүсийг бид бодитоор харах хэрэгтэй. Худлаа попорч эх оронч царай гаргадаг, бие биеэ хамгаалж хэвшицгээсэн энэ байдлаасаа сал гэв.