БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль дөнгөж саяхан цэргийн онц байдал зарлаж буйгаа мэдэгдлээ.
Энэхүү гэнэтийн мэдэгдэл нь Умард Солонгосын коммунист хүчнээс улс орноо хамгаалах зорилготой гэв.
“Ёнхап” агентлагийн мэдээлснээр Ерөнхийлөгч Юн мэдэгдэлдээ “Сөрөг хүчин төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж бослого гаргахыг оролдсон” хэмээн дурджээ.
Тодруулбал сөрөг хүчний Ардчилсан намаас төсвийн тодотголын төслийг хүчээр батлуулахыг оролдож, улсын Аудит болон Ерөнхий прокурорыг огцруулах санал ирүүлсний дараа ийм шийдвэр гаргасан байна.
Ийнхүү дайны онц байдал зарласнаар иргэний хэвийн эрхийг түдгэлзүүлж, цэргийн удирдлагад шилжих хууль мөрдөгдөх аж.
Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа тус улсын Батлан хамгаалахын сайд цэргийн командлагч нарыг яаралтай хуралдуулж, сонор сэрэмжээ чангатгахыг сануулжээ. Мөн цэргүүдийг яаралтай хамгаалалтад шилжихийг тушаасан байна.
Эрх баригч нам болон сөрөг хүчнээс дайны онц байдал зарласан Ерөнхийлөгчийн шийдвэрийг буруу хэмээн үзэж “хориг тавина” гэдгээ мэдэгдээд буй.
Ардчилсан намын дарга И Жэ Мюн “Ерөнхийлөгч ямар ч шалтгаангүйгээр онц байдал зарлалаа. Удахгүй танк, хуягт машиг, буу барьсан цэргүүд улсыг удирдах нь” гэжээ.