БНСУ-ын нийслэл Сөүл хотын төвд байрлах Үндэсний Ассамблейн байрны гадна Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байгаа аж.
Учир нь тэрбээр өчигдөр /2024.12.03/ орой гэнэтийн шийдвэр гаргаж, дайны бэлэн байдал зарласныг Үндэсний Ассамблейн гишүүд нь хүчингүй болгосон. Харин БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол өчигдөр орой телевизээр “дайны байдал” зарлаж буй гаа мэдэгдсэнээсээ олон нийтэд хандаж ямар ч мэдэгдэл хийгээгүй, гарч ирээгүй байгаа аж.
Тэгвэл БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёолын дайны байдал тогтоох оролдлого бүтэлгүйтсэний дараа түүний ажлын албаны бүх ажилтнууд өнөөдөр /2024.12.04/ өглөө ажлаа өгч буйгаа мэдэгдсэн байна.
Харин БНСУ-ын Үндэсний Ассамблейд олонхыг бүрдүүлж буй Ардчилсан намын гишүүд Юн Сок Ёол өөрөө огцрохгүй бол түүнийг огцруулах ажиллагааг эхлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна. Үүний зэрэгцээ Сөүл болон БНСУ-ын бусад хотуудад ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцрохыг шаардсан жагсаал өглөө дахин эхэлсэн байна.
Эх сурвалж: Yonhap News