Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 446 хүнсний дэлгүүрээр үе шаттай борлуулна.
Тодруулбал, энэ сарын 7-нд 117 дэлгүүрт нөөцийн мах худалдаалж эхэлсэн бол 10-наас 179 дэлгүүрт, 15-ны өдрөөс 446 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулах юм. Нөөцийн мах борлуулах үнийн хувьд үхрийн ястай махыг 13800 төгрөг, хонины ястай махыг 11800 төгрөгөөр худалдаалж байна. Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр “10 мянган тонн нөөцийн мах нийлүүлэхээр бэлтгэж байна. Нийт махны 40 хувь нь үхэр, 60 хувь нь хонины мах байна. Борлуулах үнэ нь зах зээлийн үнээс 25-30 хувь хямд. Энэ жилийн хувьд нөөцийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж буй гэдгээрээ онцлог. Жижиглэн савлагааны хувьд 2.5-3 кг байхаар зохицуулсан” гэв.