Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өгсөн бөгөөд энэ үеэр сэтгүүлчдийн зүгээс “Шүүхийн маргаантай байгаа барилгуудыг яагаад цахилгаанаар хангаад байгаа вэ. Тухайлбал “Аqua Garden” буюу олны нэрлэдгээр “Авлига” хотхоныг Хотын дарга нураана гэдгийг мэдэгдээд шүүхийн маргаан үргэлжилж байна. Гэтэл барилгын ажил нь үргэлжилсээр, тог цахилгаантай болж захиалгаа аваад эхэлсэн байна” гэдэг асуудлыг хөндөж асуулаа.
Үүнд сайд Б.Чойжилсүрэн “Энэ хорооллын тухайд намайг Эрчим хүчний сайд болохоос өмнө техникийн нөхцөлүүд нь олгогдсон юм билээ. Эрчим хүчээр хангах асуудлыг надад илтгэж танилцуул гэж би Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанид үүрэг өгсөн.
Энэ хотхонд цахилгаан нийлүүлэхгүй гэх шүүхийн шийдвэр гараагүй байгаа тул цахилгааныг нь өгч байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл цахилгаан түгээхээр хангах гэрээг хүчингүй болгоогүй байгаа учраас энэ үүргийг биелүүлэхээс өөр аргагүй байна. Аль талд шүүхийн шийдвэр гарна, түүнийг биелүүлж таарна” гэж хариулав.












































































