Уругвайн ерөнхийлөгч асан Хосе Мухика 89 насандаа таалал төгслөө.
Мухика 1960-аад оны эхээр зүүний чиг баримжаатай Тупамарос үндэсний чөлөөлөх хөдөлгөөний эвслийг байгуулалцсан бөгөөд Засгийн газрынхаа эсрэг тэмцэж байжээ.
Энэ хугацаанд тэрээр дөрвөн удаа баривчлагдаж, зургаан удаа буудуулж үхэл амьдралын зааг дээр ч очиж байв. 14 жилийг шоронд өнгөрүүлсэн тэрээр 1985 онд суллагдсан.
Мухика “Шоронгоос суллагдсан тэр өдөр бол миний амьдралын хамгийн аз жаргалтай мөч байсан. Ерөнхийлөгч болсон нь түүнтэй харьцуулахад юу ч биш” хэмээн хэлсэн байдаг.
Тэрээр ерөнхийлөгчийн өргөөнд байрлалгүй хотын зах дахь энгийн байшиндаа эхнэртэйгээ амьдардаг байсан. Мөн энгийн даруу хувцаслалт, жижиг машин, цалингийнхаа ихэнхийг хандивладаг зэргээс нь олон улсын хэвлэлүүд түүнийг “дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч” хэмээн алдаршуулж байв.

Мухика ерөнхийлөгч байх хугацаандаа хэд хэдэн зоримог шийдвэр гаргаж байсныг шинжээчид онцолдог. Түүний засаглалын үед Уругвайн эдийн засаг жилд дунджаар 5.4 хувиар өсөж, ядуурал, ажилгүйдлийн түвшин буурч байжээ.
Мөн тэр үед үр хөндөлтийг хуульчилж, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн, марихуаны зах зээлийг төрөөс зохицуулсан зэрэг томоохон шийдвэрүүд нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм.
Эх сурвалж: ВВС









































































