Өнгөрсөн ням гарагт Японы эрх баригч Либерал ардчилсан намын хандивын арга хэмжээний үеэр Хөдөө аж ахуй, загас агнуурын сайд Это Таку зохисгүй хошигнол хэлсэн нь олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Сайд цагаан будаа худалдаж авдаггүй, гэр бүлд нь их хэмжээний будаа бэлэглэдэг учраас зарах цаг болсон хэмээн хошигносон нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд сэтгэл дундуур байгаа иргэдийн дургүйцлийг төрүүлжээ. Сөрөг хүчнийхэн, тэр байтугай Ерөнхий сайд Ишиба Шигэрү ч түүний үйлдлийг хурцаар шүүмжилсэн юм. Это Таку өнөөдөр өглөө 08.00 цагийн орчим Ерөнхий сайд Ишибатай уулзаж, огцрох өргөдлөө өгсөн байна.
Японд стратегийн хүнсэнд тооцогддог цагаан будааны үнийн өсөлт сүүлийн нэг жил гарны дотор 50 жилд байгаагүй дүнгээр өсөж, инфляц ихсэхэд гол түлхэц үзүүлжээ. 5кг-ийн савлагаатай будааны дундаж үнэ 4220 иен буюу 29 орчим ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна.