Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Энэ цаг үед бид хариуцлагатай, нэгдмэл байх нь хамгийн чухал. Улс төрийн өндөр албан тушаал нь хэн нэгний бодол, хүсэл мөрөөдөл, амбийцаар шийдэгдэхгүй.
Би төрийн албанд ямар ч цаг үед тууштай байж, бодит үр дүн гаргахаар ажиллаж яваа. Бид асуудалд зөв хандах ёстой. Үндэслэлгүй, эх сурвалжгүй яриа хөөрөөнд автаж болохгүй. Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой бөгөөд тууштай явах ёстой.
Гадаад, дотоод нөхцөл байдал, хүчин зүйлс байна. Ултай суурьтай шийдвэр гаргах ёстой. Засгийн газар хуулийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид улс төржих, хийрхэх, аливаа зүйлийг гөрдөх, өөгшүүлэхээс илүүтэй иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, улс орны эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн төрд итгэх итгэлийг сэргээх нь хамгийн чухал байна.
Асуудлыг хуулийн хүрээнд шийдэх ёстой. Энд хэн нэгэн асууснаар, хариулснаар байдал дээрдэхгүй.
МАН-ын Бага хурал бол Их хурлын чөлөөт цагт шийдвэр гаргадаг, хамгийн том бүтэц. Бид хуралдаад хамтарсан Засгийн газрын бусад нам амлалтаа хэрэгжүүлж байна уу гэдэгт үнэлэлт дүгнэлт өгсөн. Түүнээс аль нэг намыг үгүйсгэж, ямар нэг улс төрийн хүчнийг хөөж туугаагүй. Цаашид хамтарсан ч, хамтраагүй ч Засгийн газар төрийн институтын хувьд ажиллах ёстой.
Ерөнхий сайд хувь хүний хувьд, Засгийн газрын тэргүүний хувьд байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Орлогоо нотлуулна гэдгээ хэлсэн. Бид байр сууринд нь хүндэтгэлтэй хандах ёстой. Гэр бүлийн, амьдралд хөл тавьж буй хүүхдийн асуудлыг улс төртэй хольж, хэт туйлширч болохгүй.
-Ерөнхий сайд орлогоо нотлохгшй яагаад ингэж удаад байна вэ?
-Хуулийн байгууллага хянана, шалгана. Нэг өдөр шийдэхгүй, нэг хүн хийхгүй. Улс төрчид бүгд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг. АТГ-т бид өнөөдөр маргааш дуусга гэх боломжгүй.
Засгийн газар огцрох, эсэхийг төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ хэлэлцээд шийднэ. Одоогоор Засгийн газар огцрох тухай асуудал огт байхгүй. Ойлгомжгүй байдал цаашид удаан үргэлжлэхгүй, өнөө маргаашдаа илүү тодорхой болно.









































































