УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандоржоос Ерөнхий сайдын итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулсантай холбоотой эрх зүйн зохицуулалтыг талаар тодрууллаа.
-Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулсан нь Үндсэн хууль зөрчиж байна гэж зарим гишүүн үзэж байна. Хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл бий юу?
-Ерөнхий сайд 2025 оны 5-р сарын 28-ны өдөр Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, эсэх асуудлаарх тогтоолын төслийг УИХ-д оруулсан. Төсөлд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагаа хөтөлбөрт туссан 14 мега төсөл, эрчим хүчний реформ, бүсчилсэн хөгжил зэрэг бодлогын асуудлуудыг хэрэгжүүлэх үүднээс “итгэл хүлээлгэх” тогтоолын төслийг УИХ-д оруулсан. Тэгэхээр бүх зүйл Үндсэн хуульд заасны дагуу явж байна.
Үндсэн хуульд, төсвийн болон төрийн бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх асуудлыг УИХ-д оруулбал УИХ асуудлыг 3 хоногийн дараа хэлэлцэж эхэлж, 10 хоногийн дотор нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж дуусна гэсэн заалттай.
Тэгэхээр энэ асуудлыг ТББХ-гоор 3 хоногийн дараа хэлэлцэж эхэлнэ. Хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх нийт хугацаа нь 10 хоног. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл маргааш хуралдаж, ирэх 7 хоногт байнгын хороо болон чуулганаар хуралдах товыг тогтооно.