Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан /2025.08.14/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч, хоёр талын хамтын ажиллагааны тухай санал солилцлоо.
ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий дамжуулах хоолой нь Манай Улсын 6 аймаг, 22 сумын газар нутгаар дамжин хойд хилээс урд хил хүртэл 950 гаруй км үргэлжлэх, томоохон бүтээн байгуулалт бөгөөд чухал ач холбогдолтой төсөл юм.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан “Байгалийн хий дамжуулах хоолойн төсөл хариуцсан гурван улсын төлөөлөл биечлэн уулзаж, ярилцах нь зөв гэдэгтэй санал нэг байна” гэв.
Мөн уулзалтаар Монгол Улс, БНХАУ хоорондын худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцсон бөгөөд бодит ажил хэрэг болгохын тулд бараа бүтээгдэхүүний нэр төрөл, хөдөө аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Түүнчлэн:
-
Хоёр улсын худалдааны эргэлтийг эрчимжүүлэх,
-
“Монгол-Хятадын экспо” V дахь удаагийн арга хэмжээг зохион байгуулах,
-
Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх,
-
Бизнес эрхлэгчдийг дэмжсэн бодлого баримтлах,
-
Харилцан тохиролцсон гэрээ хэлэлцээрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газрын зүгээс анхаарч, хамтран ажиллах,
-
Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх,
-
Хил орчмын аялал жуулчлал, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг өргөн хүрээнд хэлэлцлээ.










































































