Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар агентлагуудын орон тоо, бүтцийг цомхон чадварлаг болгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Өмнө нь энэ цомхотголыг дарга нарын тоог цөөлөх ажлаар эхэлсэн. Улмаар 280 гаруй газрын даргын тоог 81-ээр цөөлж, 3.6 тэрбум төгрөг хэмнэхээр шийдвэрлэсэн. Мөн үйл ажиллагааны зардал ихтэй, үндсэн чиг, үүргийн давхардалтай 29 үндэсний хороод, зөвлөлийг татан буулгаж 146 орон тоо хасагдаж, жил бүр 41.6 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдсэн.
Харин өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тогтоол баталж, 35 агентлагийн орон тооны хязгаарыг 3353 байсныг 3052 болгон цөөллөө. Өөрөөр хэлбэл, агентлагийн газар хэлтэс, албадын тоог тоолсон. Энэ өөрчлөлтийн үр дүнд агентлагийн газар, хэлтэс, албаны даргын тоо 54-өөр буурна. Цалин хөлсний зардлаас 10 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт бий болно.
Агентлагууд дэд дарга, орлогч даргатай байхгүй. Цаашид төрийн албаны шинэчлэлийн ажлыг эхлүүлээд ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээг энэ сарын 26-наас ил тод болгож байгаа. Өмнө нь бүгд хангалттай сайн буюу А, B үнэлгээтэй байсан. Гэтэл иргэдийн үнэлгээ дундуур байдаг. Тиймээс ил тод болгож, иргэдээр үнэлүүлдэг болно. Ингэснээр ажилдаа хариуцлагагүй албан хаагч А үнэлэгдэж буй нь шударга бус байна гэж иргэд үнэлдэг болно.
Ийм байдлаар төрийн албыг цомхон, чадварлаг, хүнд сурталгүй болгох юм. Цаашид сайн, хариуцлагатай, хүнд сурталгүй, шуурхай ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг урамшуулна. Харин хариуцлагагүй, цаас зөөж, цаг хийдүүлдэг, дарга нарын татаасны хүмүүсийг цомхотгож ажиллана.