Энэ сарын 16-ны өдрөөс ЕБС, цэцэрлэгийн багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж, хугацаагүй ажил хаялт зарласан.
Засгийн газар багш нарын цалинг нэмэх боломжит хувилбарыг судалж үзээд, нэгдүгээр сарын 1-нээс 20 хувь, долоодугаар сараас 10 хувь нэмэх боломжтой болохыг мэдэгдсэн.
Ингэхдээ төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайд, дарга нарын салбар, яамандаа зарцуулдаг төсвөөс танана гэдгээ ч мэдэгдэв.
Гэвч энэ санал багш нарт таалагдсангүй.
Тэд цалингийн нэмэгдлийг хангалтгүй гэж үзсэн бөгөөд ирэх нэгдүгээр сарыг хүртэл энэ цалингаараа ажиллах боломжгүй гэдгээ ч мэдэгдэв.
Ийнхүү багш нарын ажил хаялт хэдий хүртэл үргэлжлэх нь, хүүхдүүдийн суралцах, хөгжих эрх хэчнээн хоног зөрчигдөж, хүүхдийнх нь цэцэрлэг, сургууль ажиллахгүй болсон ээж, аавууд ажилдаа очиж чадахгүй хэр удах нь одоогоор тодорхойгүй байна.
Боловсролын яамнаас өчигдөр 22.00 цагийн орчимд Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагад хандан цалинг үе шаттай нэмэх талаар дараах тайлбар, мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Боловсролын яамнаас багш нарын цалинг 3.5 сая хүргэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийлээд, үндсэн цалинг:
-
2026 оны эхний хагаст 2 сая төгрөг;
-
2026 оны сүүлийн хагаст 2.5 сая төгрөг;
-
2028 онд 3.5 сая төгрөгт хүргэх тооцоолол хийж, Засгийн газраар дамжуулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа аж.
Иймд МҮЭ-ийн Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтыг түр зогсоож, хамтын хэлэлцээг эхлүүлж асуудлыг эрүүл ухаанаар шийдвэрлэхийг уриалжээ.













































































