Өнөөдөр Налайх дүүргийн Соёл урлагийн ордны өмнөх талбайд
\”Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг
тохиолдуулан үйлдвэрлэлийн ослоор амь эрсэдсэн хүмүүсийн гэгээн дурсгалд
хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслолын ажиллагаа боллоо.
Цэцэг өргөх
ёслолын ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй,
хурлын тэргүүлэгч К.Сейтхан, Д.Алтандөш, Б.Сампилноров, Д.Бэгзцэрэн, төлөөлөгч
Х.Анхбаяр, С.Тунгалаг, Г.Баярсүрэн, Хурлын ажлын албаны дарга А.Булбул,
Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг, МУ-ын хөдөлмөрийн
баатар Т.Окобал нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Арга хэмжээг
нээж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй үг хэллээ.
1990-ээд оноос
хойш Налайхын уурхайд ослоор 160 гаруй хүн алтан амиа алдсан тоо баримт байна.
Харин 1000 шахам осол аваарын дуудлага ирсэн байдгаас 600 гаруй хүний алтан
амийг авран хамгаалсан байдаг юм.
Олон улсын
хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4-р сарын 28-ны өдрийг Ажлын байран дахь
хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгох шийдвэрийг 2003
онд гаргаж байсан байна. Харин манай улсын тухайд 2009 оноос энэхүү өдрийг
тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2012 оноос \”Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн
дэлхийн өдөр”-ийг угтан сарын аян өрнүүлдэг болсон.
Налайх дүүргээс
04 сарыг \”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” сар болгон зарласан. Энэхүү
аяны хүрээнд үйлдвэрлэлийн ослоос болж эндсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг
хүндэтгэх арга хэмжээнээс гадна үйлдвэр, аж ахуйн газруудад хөдөлмөрийн аюулгүй
байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг сурталчлах ажлуудыг түлхүү
зохион байгуулдаг байна.