МАН-ын даргаар УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо. МАН-ын Их хуралд 2200 гаруй төлөөлөгч оролцож саналаа өгснөөс 94.95 хувийн дэмжлэг хүлээн МАН-ын даргаар сонгогдлоо.
Түүнд МАН-ын тамгыг гардуулж өгөөд байна.
МАН-ын даргад УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нар нэр дэвшин өрсөлдсөн юм.
МАН-ын даргаар сонгогдоод байгаа УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал эв нэгдлийг хангаж ажиллахын зэрэгцээ авлига, ашиг сонирхлын хэргүүдэд манай намын чамгүй олон нөхөд нэр холбогдож, баялгийн хараал, авлигын намагт улс, үндэстнээрээ шигдэх аюул ойрхон ирснийг нуун дарагдуулж, хаацайлан хамгаалах эрх хэнд ч байхгүй гэдгийг мэдэгдээд буй. Иймээс авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдоод байгаа нэр бүхий улстөрчдийн хувьд хууль хяналтын байгууллагаар шалгуулж үнэн мөнөө тогтоолгосон цагт улс төрийн дэмжлэг хүлээх эсэх нь шийдэгдэх болж байгаа юм.
Тэрбээр УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бол Засгийн газрын танхимд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга зэрэг алба хашсан. Харин Г.Занданшатарын танхимд Эдийн засаг, хөгжлийн сайдын алба хашиж буй.
МАН-ын Их хурлаар маргааш намын дүрмийн шинэчлэл хэлэлцэнэ. Шинэчилсэн намын дүрэмд МАН-ын дарга Ерөнхий сайд байна гэдэг хатуу заалт тусгахгүйгээр баталбал МАН-ын шинэ дарга УИХ-ын дарга болох магадлал өндөр байна.











































































