Найзуудтайгаа уулзаад инээлдэж, гаднаа бүх зүйл сайхан мэт харагдавч гэртээ харьмагцаа дотроос “яагаад ч тайвширдаггүй” тэр хоосон, хүнд мэдрэмж дахин сэргэж, үүр цайтал бодолд дарагдан хэвтэхийг сэтгэл гутрал гэнэ.
Энгийн мөчүүдээс хүртэл аз жаргал мэдрэхээ болих, олон хүний дунд ганцаардаж суух, юу болохгүй байгаагаа ойлгосон ч яахаа мэдэхгүй өдөр хоногууд үргэлжлэх энэ бүгд бол сэтгэл гутралын шинж. Сүүлдээ уйлах ч тэнхэлгүй болж, жижигхэн сайн зуршлуудаа орхиж, өөрийгөө сөрөг бодлуудад автуулахыг бид анзаарахгүй өнгөрөөх нь бий.
Сэтгэл гутрал бол тоглоом биш. Хэдэн жил үргэлжлэхдээ хүнийг дотроос нь мохоож, “өөрийгөө” таних мэдрэмжийг үгүй хийдэг аймшигтай өвчин. Хэдхэн хором гуниглах, ганцаардах нь хэвийн. Харин тэр мэдрэмжээс гарах гарцгүй мэт удаан хугацаанд дарагдаж байгаа бол энэ бол зүгээр гуниг биш, сэтгэл гутрал юм.











































































