Цагтаа түүн шиг мундаг хүн байгаагүй юм
шүү. Монгол Улсын Ерөнхийлөгч болоход яг тохирох, шударга, зарчимч, эх оронч
гээд л манай улс төрчдөд байхгүй бүхий л сайн чанаруудыг багтаасан хүн байлаа.
Тиймээс ч сонгогчид түүнийг үнэмлэхүй олноороо дэмжиж, УИХ-ын гишүүн болгож
байв.
Гэтэл яав, тэр минь яав… гэгчээр УИХ-ын
гишүүн болоод нөгөө сайн чанаруудаа алдаж, бусадтайгаа адил болж эхэлсэн хэрэг
л дээ. Тиймээс нэг итгэж үнэмлэхүй ялалт өгсөн сонгогчид нь дараагийн удаа
хууртахгүй шүү гэсэн шиг няслаж хаяад өөр нэгэнд итгэл хүлээлгэсэн байна.
Одоо мань хүн урдын адилаар шударга,
зарчимч зангаа гарган, эрх баригчдыг шүүмжилсээр л явна. Үгүй бараг энэ ч дээр
юм шиг. Тэр ордны гаднаас бол тунчиг мундаг шүүмжлэгч, эсэргүүцэгч, тэмцэгч.
Харин ордонд орохоороо хутгалдаад хор найруулалцаад байдаг болохоос биш.
Тэгэхээр ордныхоо гаднаас л хашгичиж, засаг
төрийнхнийг айлгаж, зам мөрийг нь зөвтгөж байвал зүгээр юм шиг байна шд. Төрийн ордонд байгаа хүмүүсийг МАНАН
бүлэглэл гэж бүгд л ярьдаг юм. Тэгсэн хэрнээ тэдэнтэйгээ тэмцээд мананг
сарниулаад өг гэхээр итгэл дааж чадахгүй өөрсдөө манантаад байдаггүй юу. Төрийн ордны дээр хуралдсан том хар үүл
сарних хаа ч байсан юм бэ дээ. Түүний сарниулагч нь төрийн ордны гадаа лав алга
л байна… Хашгичиж байгаад ордонд орохоороо хор найруулаад хутгалдаад унах
хүмүүс л олон байх юм даа.
Одоо тэгээд цагтаа газар дор ортол нь муулж, авлигын эцэг мэтээр шүүмжилж байсан хүнээ бүгд түшээд эхэллээ. Манантай тэмцэх юм гэнэ. Энэ шударга ёс гэж үү.
Шар хүү