Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр \”Гэр хороололтой холбоотой ойрын үед хэрэгжүүлэх гэж байгаа луйвартай холбоотой үйл ажиллагаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийж байна.
Гэр хорооллынхны өмч хөрөнгийг хохироосон луйвартай холбоотой үйл ажиллагаа эхлэх гэж байна. Өчигдөр АН-ын байран дээр дахин төлөвлөлтөөр хохирсон хэсэг иргэд цуглаан хийж хохирсон талаар гомдол мэдүүлж улс төрийн үйл ажиллагаа явуулсан.
Жагссан иргэдийн дотор төрийн албан хаагчид оролцсон. Үнэн хэрэгтээ дахин төлөвлөлтийг хариуцах ёстой тэр ажилтнууд оролцсон цуглаан хийсэн.
Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдон намайг гүтгэн гүжирдэж байгаа цаад зорилго бол бидний эхлүүлсэн үйл ажиллагааг мушгиж гэр хорооллын ард иргэдийн өмч хөрөнгө дээр гадны хөрөнгө оруулалттай маш их хэмжээний луйвар хийх гэж байгаа юм.
Тэр луйвар хийх гэж байгааг мэдэж байгаа хүний хувьд бидэн руу зориуд дайраад байна. Би ажлаа өгөхөөс өмнө дахин төлөвлөлтийн барилгуудыг дуусгахаар 76.5 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөөд үүний 40 тэрбумыг бэлэн болгосон. Нийслэлийн төсөвт 20 тэрбум, арилжааны банкуудад 20 тэрбум гарган 10 хувиас дээш гүйцэтгэлтэй дуусгахаар шийдвэрлэсэн. Нийтдээ 25 барилга барьж дуусгахад 3291 иргэн, түүнээс газраа чөлөөлөн 1200 иргэн орон сууцад орохоор төлөвлөсөн байсан.
Гэтэл С.Батболд хотын дарга болсноос хойш өнөөх 20 тэрбумыг тодотголоор байхгүй болгосон. Өөрөөр хэлбэл 10-аас дээш гүйцэтгэлтэй барилгын ажлыг дуусгах бүх төсөв хөрөнгийн ажиллагааг зогсоосон. Намар гэхэд газраа чөлөөлсөн иргэд байранд орох байсан. Үлдсэн 1200 иргэн байранд орж шинээр 1800 иргэн байртай болох гэж байсан.
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн иргэдэд таван хувийн журмаар өгөхөөр Засгийн газрын шийдвэр гарсан.
Энэ ажлыг зогсоосон шалтгаан бол борлуулалтын хяналтыг гартаа авахаар бизнес хийх гэж байна. Гаднын хөрөнгө оруулалтаар газраа чөлөөлсөн иргэдийн газрыг маш хямд үнээр зарах гэсэн бусармаг үйл ажиллагаа явуулах гэж байна. Энэ үйл ажиллагааг хаацайлахын тулд надруу гүтгэн гүжирдэх компанит ажил идэвхтэй явуулж байгаа юм. Тийм учраас би гэр хорооллынхоо иргэдтэй нэг бүрчлэн уулзана. Энэ бүх луйврыг тэдэнд хэлж илчилнэ” гэж мэдэгдлээ.