2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль /6 сарын 26/ дөхөж, хуулиар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой УИХ-д суудалтай намууд өөрсдийн нэр дэвшигчдээ тодрууллаа. Өчигдөр эрх баригч МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээрээ УИХ-ын дарга М.Энхболдыг сонгосон бол АН Х.Баттулгыг сонгожээ. Харин УИХ-д нэг суудалтай МАХН нэр дэвшигчээ хараахан тодруулаагүй байна. Тус намаас экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр зүтгүүлсэн ч ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй гэх шалтгаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй гэсэн шийдвэрийг шүүхээс гаргасан юм. Тиймээс МАХН энэ удаагийн сонгуулийг өнжих үү, аль эсвэл Н.Энхбаяраас өөр хүний нэр оруулж ирэх үү гэдэг нь ойрын өдрүүдэд тодорхой болно.
Намууд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн албан тушаалд ихээхэн анхаарал тавьж байгаа бөгөөд өөр өөрсдийн зүгээс ялах боломжтой гэсэн хүнийг сонгож, нөгөө намынхаа нэр дэвшигчийг \”өвдөг шороодуулах” хэмжээний нэр дэвшигчийг сөргүүлэн тавьж байна. Эхлээд УИХ-д 65 суудалтай үнэмлэхүй олонх МАН М.Энхболд, Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин нарын хүмүүсээс эцсийн байдлаар М.Энхболд, Ц.Нямдорж нарыг сонгож тэдний хооронд өрсөлдөөн явуулж, Бага хурлын гишүүдийн нууц санал хураалтаар М.Энхболд нийт гишүүдийн 85 хувийн саналыг авч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүнээр тодров.
Тэгвэл Ардчилсан нам МАН-ын энэ сонголтыг харж байгаад Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Лу.Болд, Д.Дорлигжав, Х.Баттулга, Б.Жаргалсайхан нарын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн хүмүүсээс Х.Баттулгыг сонголоо.
АН-ын хувьд дээрх хүмүүсээс М.Энхболдыг ялж чадах хүн нь Х.Баттулга гэж харсан бололтой. Ямартай ч, АН-ын дотоод сунгаа өчигдөр нэлээн оройтож өндөрлөж, Х.Баттулга хамгийн өндөр оноо авснаар нэр дэвших эрхээ халааслалаа. Дашрамд дурдахад, түүнтэй хамгийн ойрхон өрсөлдсөн хүн нь Р.Амаржаргал байсан юм.
Төгс