Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, тэдний үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд “Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын дагуу хэд хэдэн байгууллагын зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Тодруулбал БНХАУ-д төвтэй “ӨМӨЗО-ны Баяннуур хотын худалдааг дэмжих хороо”, БНСУ-д төвтэй “Азийн соёл хөгжлийн институт” болон “Олон улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны сүлжээ”, АНУ-д төвтэй “Ворлд Лернинг”, “Friends of Mongolia”, ОХУ-д төвтэй “Бид самбогийнхон” болон “Армийн гардан тулааны биеийн тамир, спортын холбоо” зэрэг нийт долоон байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг албан ёсоор хүчингүй болгосон байна.
Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээлснээр өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 76 олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, хууль, журмын хэрэгжилтийг хангах ажлыг үргэлжлүүлэн явуулж байна.









































































