Якутын онгоцны буудал дээр охин нохой хоёрын хөшөө бий. Хөшөөг 2014 онд Олом хотын оршин суугч дөрвөн настай охин нохойн хамтаар тайгын их аглаг ойгоор 11 хоног төөрөн явсаар олдсон гайхамшигт явдлаас сэдэвлэн бүтээгдсэн юм.
Карина Чикитовын түүх бүх Якутчуудын анхааралд байж 11 хоногийн турш эрлийг тасралтгүй хийсэн байдаг. Харин эрлийн төгсгөлд охиныг эсэн мэнд олсон нь гайхалтай халуун дотно түүх байв. Жижигхэн нохойныхоо ачаар эсэн мэнд олдсонд талархсан Якутын нисэх онгоцны буудлын захирал Николай Местников хөшөө босгох санал дэвшүүлж, залуу барималч Николай Чоччасов урлан бүтээжээ.
Дөрвөн настай Карина Якутын Олекминскийн дүүргээс 2014 оны 7 сарын 29-нд алга болсныг 8 дугаар сарын 2-нд ээж нь олон нийтэд мэдээлж тусламж хүссэн байжээ. Охины аав зэргэлдээх тосгонд гарсан түймэр унтраахаар явсан бөгөөд охины ээж нь аавынхаа хамтаар явсан хэмээн бодсон байв. Охин Оломоос 6 км зайтай газраас алга болсны 12 дахь хоногийн өглөө олдсон байдаг. Шөнийн хүйтэнд биедээ наан ямагт салаагүй жижигхэн нохой охины амийг ийнхүү аварсан билээ.
\”Siberian Times” сонинд \”Карина Чикитова охин өнгөрсөн долоодугаар сарын 29-ний өдөр Бүгд найрамдах Саха улсын алслагдмал газрын нэг болох Омон тосгон дахь гэрээсээ төөрөн сураггүй болжээ. Охин ойролцоох тосгон руу явсан аавынхаа хойноос нохойныхоо хамтаар дагаж яваад ийнхүү төөрсөн гэнэ. Тосгодын хооронд ямар нэгэн утасны сүлжээ байдаггүй тул охиныг явснаас хойш дөрвөн өдрийн дараа л алга болсныг нь мэдэж тосгоны иргэд нийтээрээ охиныг хайх ажилд яаравчлан орсон аж. Саха нь өвөлдөө Сибирийн хамгийн хүйтэн бүс нутагт ордог бөгөөд зуны цагт ч шөнөдөө нэлээд хүйтэн хонодог байна. Бяцхан охин зэрлэг жимсээр хооллон, голын усаар ундаалж, нохойгоо тэврэн, өвсөөр хучин унтдаг байсан хэмээн ярьжээ. Гэвч ийнхүү өвсөн дунд нуугдсан нь эрэлчид охиныг олоход хүндрэл учруулсан байна. Түүнийг энэ сарын 11-ний өдөр олсон бөгөөд охинтой хамт сураггүй болсон нохой тосгондоо ирж зам зааснаар эрлийн үйл ажиллагаа амжилттай өндөрлөжээ. Карина охин шумуулд хазуулсныг эс тооцвол ямар нэгэн хүнд бэртэл, гэмтэл аваагүй байсан бөгөөд одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна” гэж тухайн үед мэдээлж байжээ.
А.Аюуш