Үйл ажиллагаа явуулж байгаагүй, нэрээ хэдэнтээ өөрчилсөн компани 2016 оны гуравдугаар сард \”Монголын зэс” корпораци болж хувирсан нь энэ компанийн нэр дээр Худалдаа хөгжлийн банкинд данс үүсгэх ажлын бэлтгэл үе шат байсан юм. Монгол Улсын Засгийн газар 2016 оны зургадугаар сарын 13-нд \”Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, \”Монголиан коппер корпорейшн” ХХК-д худалдахыг зөвшөөрчээ. Шалгалтаар тухайн үед Худалдаа хөгжлийн банкин дахь Монголын зэс корпорацийн дансанд сохор зоос байгаагүй нь тогтоогдсон юм.
Улаанбаатар банк, Худалдаа хөгжлийн банкин дахь иргэдийн хадгаламж болон Монголбанкнаас монголчуудын нэр дээр өр бичээд мөнгө цуглуулж, \”Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авах хөрөнгийг босгосон нь шалгалтаар тогтоогдсон. Тодруулбал, гэнэт тодорсон шинэ тэрбумтан \”Монголын зэс\” корпорацийн захирал 27 настай Ц.Пүрэвтүвшин зургаадугаар сарын 20-нд ирээдүйд бий болох хөрөнгө барьцаалан Худалдаа хөгжлийн банкнаас 75 сая ам.долларын зээл авсан.
Мөн өмнө нь хоёр удаа Монголбанкнаас 100 тэрбум төгрөгийн зээл авч байсан Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн \”QSC” компани зургадугаар сарын 28-нд Монголбанкнаас 160 тэрбум төгрөгийн хууль бус зээл авч, улмаар Монголын зэс корпорацид 62.9 сая ам.доллар зээлүүлсэн байдаг. Үүнээс гадна Худалдаа хөгжлийн банкин дахь хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөс ерөнхийдөө Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин нарын эзэмшлийн гурван компанид зээл олгох, олгохдоо заримд нь \”Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалыг барьцаалж байгаад олгоод улмаар түүнийгээ \”Монголын зэс\” корпорацид эргүүлж зээлүүлэн арайхийж бүрдүүлснийгээ гурав цувуулан ОХУ-ын Альфа банкин дахь Ц.Пүрэвтүвшингийн данс руу шилжүүлсэн нь шалгалтаар тогтоогдсон.
Товчхондоо, нэг гүйлгээ хийгээд л нөгөө гүйлгээнийхээ эрэлд ямар сандралтай гарч байсныг нь үйл явдлын өрнөл харуулна. Ямар ч гэсэн \”Монголын зэс” корпораци Оросын Альфа банкинд хугацаандаа багтаж ноосоо тушааж амжсан агаад Ардчилсан нам ар далаараа цэвэр тавиулахад хоёр хоног дутуу байхад Б.Болор тушаал гаргаж, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн торгон жолоог Худалдаа хөгжлийн банкинд атгуулах бичиг баримтыг үйлдэж амжсан юм.