Төв Аймгийн прокурорын газраас \”Хохирлоо барагдуулаад гэртээ харъя\” сэдэвт 60 хоногийн аяныг Хорих 403, 415, 417 дугаар ангид зохион байгуулахаар болжээ. Мөн \”Намайг уучлаарай” шилдэг захидлын уралдааныг нийт хорих ангиудад ял эдэлж байгаа ялтнуудын дунд зарлаад байна. Тус уралдааны зорилго нь ял эдэлж байгаа ялтны гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг барагдуулах, ялтныг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэхэд оршино.
\”Намайг уучлаарай\” захидлын уралдааныг 5-р сарын 5-наас 6-р сарын 20-ны өдрийг хүртэл 45 хоногийн хугацаанд хүлээн авах гэнэ. Ингэж захидлын уралдааныг зарласнаар ялтнууд хэн нэгнийг гомдоосон, хохироосон, түүнийгээ хэлж чадаагүй, хэлэхийг хүсдэг ч, хэлэх боломж нь олдоогүй, сэтгэлийн нандин үгээ хэлэх боломжтой болно. Ингэж тэд өөрийн үйлдсэн гэм буруугаа ухаарч гэмшин илэрхийлсэнээр бусдад сургамж болох боломжийг олгох сайн талтай гэж аяныг зохион байгуулагчид үзэж байна. Учир нь захидал бичигчдийн дунд тавигдах шаардлагыг тусгаж өгсөн нь хэн нэгний шүлэг, найраглал, өгүүллэгээс хуулбарлах боломжгүй, зөвхөн өөрийн сэтгэл дотор байгаа үгсээ оюун санаандаа буусан дүрслэлээрээ бичин харуулах юм. Тухайн бичсэн захидлуудыг холбогдох хүмүүст нь хүргэж өгөхийн зэрэгцээ шилдэг захидлуудыг эмхэтгэн хэвлүүлж олон нийтийн хүртээл болгохоор төлөвлөжээ.