Өмнөд Солонгосын шүүх тус улсын ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан хэргээр таван жилийн хорих ял оноолоо.
Түүнийг 2024 оны 12 дугаар сард цэргийн онц байдал зарласан хэргээр баривчлан саатуулахаар очсон мөрдөгчдийн ажилд саад болсонд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
Өнөөдрийн шүүх хурлаас ерөнхийлөгч асныг мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан, албан ёсны баримт бичиг хуурамчаар үйлдсэн, цэргийн зарлиг тушаал ногдуулахад шаардлагатай хууль эрх зүйн журмыг дагаж мөрдөөгүй гэж үзэв. Энэ нь цэргийн онц байдал зарласан хэргээр ерөнхийлөгчийн албанаас буусан Юн Сок Ёльд шүүхээс ял оноосон анхны шийдвэр юм.
Тусгай прокурорууд үндсэн асуудал буюу цэргийн онц байдал зарлаж төрийн эргэлт хийхийг завдсан хэрэгт нь Юнд цаазын ял оноох хүсэлтээ илэрхийлсэн. Сөүлийн шүүх уг хэргийг хоёрдугаар сарын 19-нд хэлэлцэхээр төлөвлөж байна.












































































