Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал
хураалт өчигдөр явагдаж дууслаа. Санал хураалтын дүнгээр Тобуро намаас нэр
дэвшигч Мүн Жэ Ин ялалт байгуулсан юм. Мүн бол либерал улс төрч тиймээс
асуудлыг либерал замаар шийдвэрлээд явна гэж ойлгож болохоор байна.
Пак Гын Хэг огцруулсны дараа БНСУ-д улс төрийн хямрал, хүнд байдал бий
болод байгаа билээ. Тэгвэл Мүн Жэ Ин эхний ажил нь улс төрийн тогтворгүй
байдлыг цэгцлэх байх болов уу гэж таамаглаж байна. Урьд шөнө Сөүлийн төв талбайд цугларсан олны өмнө Тобуро буюу Ардчилсан
намаас нэр дэвшигч Мүн Жэ Ин хэлэхдээ \”Би улс орноо нэгтгэхийг хүсч байна”
гэсэн юм. Магадгүй тэрээр энэ үгээрээ хоёр солонгосыг нэгтгэх хүсэлтэй байгаа
гэдгээ илэрхийлсэн ч байж болох юм. Пакын авлигын дуулианаас болоод өмнөд
солонгосчууд үзэл суртлын зөрчилтэй байгаа. Үүнийг ч мөн засч, залруулах,
цэгцэнд нь оруулах үүргийг Мүн Жэ Ин гүйцэтгэхээр болж байна.
Сонгуулийн санал хураалт 77.2 хувьтай буюу урьд өмнө нь байгаагүй олон
сонгогчид санал хураалтад оролцож, Мүн Жэ Ин илт давуу ялалт авсан байна.
Тэрээр өнөөдөртөө багтаж тангараг өргөх бөгөөд таван жилийн хугацаанд бүрэн эрхээ
хэрэгжүүлэх юм. Мөн тансаг ёслол хийлгүйгээр шууд ажилдаа орно гэдгээ ч
мэдэгдсэн байна.
Мүн Жэ Ин одоо өөрийн Засгийн газрыг байгуулах ёстой. Өөрөөр хэлбэл нэн
түрүүнд Ерөнхий сайдын нэрийг парламентад өргөн барих ёстой юм. Ингэснээр бүрэн
эрхээ хэрэгжүүлэх боломж нь нээгдэнэ гэж ойлгож болно. Мүн Жэ Ин 2012 онд Пак Гын Хэд тун ойрхон ялагдсан байна. Тэрээр улс
орныхоо эдийн засгийг самсунг, хюндэй зэрэг гэр бүлийн бизнес бүлэглэлийн
хамаарлаас гаргаж, жижиг дунд бизнесүүдийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх
зорилготой гэдгээ мөрийн хөтөлбөртэй тусгасан. Пак Гын Хэгийн хувьд Самсунг
зэрэг томоохон компаниудаас авлига авсан тухай асуудал яригдаж байгаа. Энэ ч
утгаараа Мүн Жэ Инийн мөрийн хөтөлбөр сонгогчдод таатай туссан байх
магадлалтай.
Пак Гын Хэг огцруулахад голлох үүрэгтэй оролцсон залуу үеийнхэн Мүнийг
дэмжжээ. Харин ахмад үеийнхэн түүнд бага санал өгчээ.